Tuesday, March 24, 2015

Wikileaks ба Bradley Manning

bradass87: сониуч асуулт: хэрэв чи удаан хугацаанд, магадгүй 8-9 сарын турш нууцлал бүхий мэдээлэлд чөлөөтэй хандах эрхтэй байгаад аймшигт зүйлсийг олж мэдсэн бол яах вэ... тэрхүү аймшигт зүйлсийг олон нийт мэдэх ёстой болохоос Вашингтон ДиСи-д хаа нэгтэй серверийн харанхуй өрөөнд хэвтэж байх ёсгүй…
(12:21:24 PM) bradass87: жишээ нь 2004-2009 оны хоорондох Иракийн дайны хагас сая үйл явдалын огноо, газарзүйн байршил, хохирогсдын тоо гэх мэт бүх мэдээллийг агуулсан тайлан бүхий мэдээллийн сан. Эсвэл хөгжингүй орнууд гуравдагч ертөнцийг хэрхэн ашиглаж буй талаархи дэлхий даяархи АНУ-ын элчин сайдын яамдууд Төрийн Департментэд илгээсэн 260,000 нууц мэдээлэл…
(12:26:09 PM) bradass87: жишээ нь миний сайн таних “нэгэн” АНУ-ын нууцлал бүхий тусгай сүлжээнд нэвтрэн дээр дурьдсан мэдээллүүдийг цуглуулж тусгай сүлжээнээс энгийн компьютер луу зөөвөрлөн уг мэдээллийг ялгаж ангилаад шахаж жижигрүүлэн, дараа нь шифрлээд нэг улсад ч олигтойхон удаан амьдарчихдаггүй цагаан үстэй солиотой Австрали нөхөрт явуулчихсан бол яах уу?
(12:31:43 PM) bradass87: цагаан үстэй солиотой нөхөр = Жулиан Ассанж
(12:33:05 PM) bradass87: Өөрөөр хэлбэл би бөөн будлиан хутгачихлаа…[1]

Энэ бол АНУ-ын цэргийн ахлах түрүүч Брэдли Мэннинг 2010 оны 5 сард сэтгүүлч Адриан Ламотой AOL чатаар харьцсан ярианы хэсэг. Өөрийнхөө эр хүйсэнд сэтгэл хангалуун бус байсан (хожмоо шоронд хүйсээ солиулах хүсэлт гаргаж Чэлси Мэннинг хэмээн нэрээ сольсон) Брэдли сэтгэл санааны хувьд тогтворгүй, Иракт болж буй дайнд шүүмжлэлтэй ханддаг нэгэн байв. Хэдийгээр удирдлага нь түүнийг “өөртөө болон хамтран ажиллагсаддаа эрсдэл үүсгэх магадлалтай” хэмээн тодорхойлсон ч дайны талбар дахь тагнуулын ажилтны хэрэгцээ өндөр байсан учир Иракт томилжээ. Брэдли яг ч тагнуулын шинжээчээр ажиллаагүй харин шинжээчдэд шаардлагатай мэдээллийг нь бэлдэж өгдөг нэгэн байсан учир АНУ-ын нууцлал бүхий тагнуулын сүлжээнд бүрэн нэвтрэх эрхтэй бөгөөд асар их мэдээлэл дунд сууж байлаа. Брэдли Мэннинг 2009 оны 11 сараас эхэлж Викилийкс (Wikileaks) сайтынхантай холбоо тогтоож 2010 оны 5 сард баривчлагдах хүртэлээ нийт Ирак болон Афганы дайны талаархи 470,000 тайлан, АНУ-ын дипломат албаны 250,000 гаран нууц мэдээлэл дамжуулжээ. Викилийкс эхэндээ дээрхи мэдээлэлд гарч буй аюул учирч болзошгүй хувь хүмүүсийн мэдээллийг нууцалж бага багаар нийтэлж байсан бол сүүлдээ бүгдийг нь ямар ч засваргүйгээр нийтэлсэнээр эдгээр мэдээлэлд дурьдагдсан олон хүнийг шууд болон шууд бусаар эрсдэлд оруулсан юм. Үүнээс гадна АНУ -ын Засгийн Газар дэлхий дахинаа дипломат харилцааны “ичгэвтэр” байдалд орж НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргыг нууцаар тагнадаг, Гуантанамо Бэй шоронд АНУ-ын хүчнийхэн хоригдлуудыг яргалж тамалдаг, элчин сайд нь ажиллаж буй улсынхаа удирдлагыг муушаасан зэрэг АНУ-ын гадаад харилцаанд сэв суулгахуйц ноцтой үр дагаварууд үүсгэх мэдээллүүд задарсан юм.  
Брэдли Мэннинг цагтаа хакер байж байгаад сэтгүүлч болсон Адриан Ламотой итгэж ярилцсан нь алдаа болсон бөгөөд бүх мэдээллийг нь нууцлана гэж амалж байсан Адриан чатаар ярилцсан яриагаа хуулж аваад Холбооны Мөрдөх Товчоонд өгсөнөөр долоо хоногийн дараа Брэдлиг Кувэйтэд баривчлав. 2013 оны 8 сард Брэдли Мэннингд АНУ-ын цэргийн шүүхээс нийт 35 жилийн ял оноосноор энэхүү хэрэг явдал дууссчээ. [2]

[1] http://www.wired.com/2011/07/manning-lamo-logs/
[2] http://www.theguardian.com/world/2013/jul/30/bradley-manning-timeline

1 comment:

Unknown said...

Баярлалаа Огоо.

Сонин юм шүү. Сноудэн блон Брэдли нар нууц материалууд задруулахаас өмнө хүмүүс энэ тухай огт мэдэхгүй, гадарлахгүй байсан гэж үү? Уг нь бол тагнуулын байгууллага тиймэрхүү үйл ажиллагаа явуулж байгааг, хүн төрөлхтөн өнөөдөр наанаа хүний эрх гэж сүрхий тунхаглавч цаагуураа бол хуучны харгис арга барилаасаа салаагүй явааг хүмүүс гадарлаж л явдаг байх. Гэвч дэлхийг нэгмөсөн өөрчлөх боломжгүй болохоор ихэнх нь хувь заяандаа бүхнээ даатгаж, болж буй аймшигт хэргүүдээс дөлөн нүдэн балай чихэн дүлий явдаг ч юм шиг. Ер нь дэлхийн хэмжээнд ил тод байдал ноёлох хүртэл хүн төрөлхтөн бас л их юм үзэж туулах нь ээ.