Sunday, December 29, 2013

Эрх мэдлийн нөгөө тал буюу Милграмын туршилт

1961 онд Стэнфордын их сургуулийн социологич Станли Милграм нэгэн туршилт явуулсан нь багагүй шуугиан тарьж хүний сэтгэцэд нөлөөлж буй гэдэг шалтгаанаар дахин явуулахыг эрдэмтэд эсэргүүцэж байжээ. Энэхүү туршилт нь хүч хэрэглэсэн үед хүний сурах чадвар хэр байдгийг судлах зорилготой гэсэн “хуурмаг” тайлбартай бөгөөд “багш”, “суралцагч”, туршилт удирдагч гэсэн гурван субъект оролцоно. Багш логик холбоо байхгүй хоршоо үгсийг суралцагчид зааж өгч буцаагаад хоршоо үгсийн аль нэгийг хэлэхэд суралцагч нөгөө үгийг таах ёстой. Таагаагүй тохиолдол бүрт суралцагчийг цахилгаанаар цохиулна. 
 
Туршилтад оролцох урилга
Милграмын туршилтад оролцогчидыг санамсаргүйгээр сонгон авч мөнгөн урамшуулалттайгаар туршилтанд оролцох урилга явуулжээ. Туршилтад оролцогчид зөвхөн лабораторид өөрийн биеэр ирсэнээр мөнгөн урамшууллаа авах бүрэн боломжтой бөгөөд туршилтанд оролцохоос татгалзаад мөнгөн урамшууллаа авах бүрэн эрхтэй. Туршилтанд үндсэндээ 3 тал байх бөгөөд сайн дураар оролцож буй “туршилтын туулай”, туршилтыг зохион байгуулагч болон туршилтанд сайн дураараа оролцож буй дүр үзүүлэгч лабораторийн ажилтан нар байх юм. Туршилтад сайн дураар оролцогч туршилтад оролцож буй дүр үзүүлэгч хоёр лабораторид зэрэг орж ирэх бөгөөд сугалаа сугалж нэг нь багш нөгөө нь суралцагчийн үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ сугалаа нь сайн дураар оролцогчийг заавал багш, дүр үзүүлэгчийг суралцагч болгоно. Суралцагчийг тусдаа өрөөнд оруулж гарт нь цахилгаан үүсгүүр холбоод багшийг өөр өрөөнд цахилгаан үүсгүүрийн удирдлага дээр суулгана. Цахилгаан үүсгүүрийн удирдлага нь 5 вольтоос эхлээд 450 вольт хүртэл тус тусдаа товчтой бөгөөд суралцагч хоршоо үгийг алдаж таах тоолонд багш вольтийг ихэсгэж суралцагчийг цахилгаанаар цохиулна.
Дундажаар 250 вольтоос дээш хүчдэл бүхий цахилгаанаар цохиулахад хүний биед сөрөг нөлөө үзүүлж эхлэх боломжтой гэж үздэг бөгөөд дүр үзүүлж буй суралцагч маань туршилтанд оролцохын өмнө зүрх судасны өвчтэй гэдгээ хэлнэ. Багш цахилгаанаар цохиулах тоолонд суралцагчийн буй өрөөнөөс ёолох дуу сонсогдох бөгөөд хүчдэлийн хэмжээ ихсэх тусам орилж хашгиран больё гэж гуйна. Туршилт зохион байгуулагч багшид цааш үргэлжлүүлэхийг тушаах бөгөөд багш харин туршилтыг цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх ёстой.
Яг үнэндээ Милграмын туршилт нь суралцах чадварыг бус харин хүний тушаал биелүүлэх сэтгэлзүйн онцлогийг судлах зорилготой. Дүр үзүүлж буй суралцагч маань цахилгаанд огт цохиулаагүй бөгөөд урьдчилан бэлтгэсэн аудио хуурцаг тавьж ёолж хашгиран “багш”-ийн сэтгэл санаанд нөлөөлөх зорилготой. Өөрөөр хэлбэл Милграмын үндсэн зорилго нь “туршилтын туулай” багш дүр үзүүлж буй суралцагч этгээдийн өвчин шаналалыг хэдийгээр мэдэж буй ч туршилт зохион байгуулагчийн өгч буй “та цааш нь заавал үргэлжлүүлэх ёстой” гэсэн захирангуй тушаалыг дагаж буй эсэхийг судлах зорилготой юм. Уг туршилтыг хийхээс өмнө Милграм янз бүрийн социологчид дунд уг туршилтанд оролцогчдын хэдэн хувь нь 450 волтийг дуустал суралцагчийг цахилгаанаар цохиулах, хэдэн хувь нь туршилт зохион байгуулагч хэчнээн захирч тушаасан ч гэсэн уг туршилтыг үргэлжлүүлэхээс татгалзах бол гэж санал асуулга явуулахад ихэнх нь 100 багшийн 3 нь л тушаалыг дагаж суралцагчийг тамлах байх гэсэн санал өгч байв. Гэтэл үнэндээ Милграмын явуулсан хамгийн эхний туршилтад 40 багшийн 26 нь буюу 65% нь тушаалыг үг дуугүй гүйцэтгэж суралцагчийг хамгийн эцсийн шат хүртэл тамалсан байна. Үүнээс хойш энэхүү туршилтыг өөр өөр газар өөр өөр нийгмийн давхарга, хүйс, боловсролын байдалтай оролцогчидтойгоор цөөнгүй удаа хийж үзэхэд нийт “туршилтын туулай” багш нарын 61-66 хувь нь тогтмол тушаал биелүүлэгчид байв.
Милграмын туршилтыг хамгийн сүүлд 2011 онд Дисковери суваг телевизийн шоу хэлбэрээр хийхэд үр дүн нь ойролцоо буюу нийт оролцогчдын 60 гаруй хувь нь туршилт зохион байгуулагчийн тушаалыг биелүүлж суралцагчийг эцсийн шат хүртэл “тамалсан” байна. Энэ нь 1961 оноос хойш 50 жилийн дотор хүний тушаал биелүүлэх сэтгэлзүйд томоохон өөрчлөлт гараагүй байна гэдгийг харуулж байгаа юм.

Милграмын туршилтаас хийж болох дүгнэлт гэвэл дор хаяж 10 хүний 6 нь тушаал гүйцэтгэгч “боол” сэтгэхүйтэй бөгөөд хэдийгээр өөрийнх нь хийж буй үйлдэл буруу гэдгийг мэдэж байвч өөр хэн нэгэн этгээд хариуцлагыг өөртөө авч уг этгээдэд тушаан захирч буй нөхцөлд ямар ч бурангуй үйлдлийг хийх боломжтой гэсэн үг юм. Милграмын туршилт нь Нацист Германы хийж байсан харгислалд энгийн цэргүүд хэр буруутайг тодорхойлоход чухал ач холбогдолтой байсан бөгөөд өнөөг хүртэл өөр бусад тохиолдлууд дээр ач холбогдол нь хэвээр юм.
Их эрх мэдлийг дагаж их хариуцлага ирдэг гэдгийг харуулсан энэхүү туршилт нь шийдвэр гаргагчид долоо хэмжиж нэг огтолж байж шийдвэрээ гаргах шаардлагатай бөгөөд үгүй бол уг шийдвэр/тушаалыг гүйцэтгэгчид нь энэхүү шийдвэрийн зөв бурууг огтхон ч дэнслэхгүй шүү гэдгийг батлан харуулсан юм. Монголд манан дундах хачиг шиг олшроод буй аавынхаа авч өгсөн пиджакийг тайлаагүй байж дарга болох мөрөөдлөөр жигүүрлэн нам дагаж намирч буй шинэ үеийнхэнд тэрхүү балын амттай даргын эрх мэдэл хэр их хариуцлага дагуулж ирдэгийг тайлбарлах үүднээс үүнийг тэрлэвэй.