Saturday, March 28, 2015

Цаг урагшлуулах шийдвэр ба Ухаалаг төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ухаалаг Төр”-ийн тухай лоозон дэвшүүлсэнээс хойш хоёр жил өнгөрчээ. Харин 20-иод хоногийн өмнө шийдэж урд шөнө өөрчилсөн цаг шилжүүлэх тухай тогтоолыг харахад энэ лоозонг хад руу хашгираад өнгөрсөн бололтой.
Улаанбаатарын “шинэ” цагаар 2015 оны 3 сарын 29-ний шөнө 2 цаг 14 минутад нийт хайлтын системийн зах зээлийн 70%-ийг эзэлдэг Google Монголын цагийг дараах байдлаар харуулж байна.
Google дээрхи цаг 2015 оны 3 сарын 29-ний шөнө 2 цаг 14 минутын байдлаар
Цаг солих шийдвэр гаргаад 20 хоног, цаг нь солигдсоноос хойш 24 цаг өнгөрчихөөд байхад дэлхий ертөнц Монголд хэдэн цаг болж байгааг мэдээгүй л байна гэсэн үг.
Ганц хайлтын системийн цаг буруу байх асуудал биш гэж үзэж байгаа хүмүүст өнөөгийн дэлхий ертөнц яаж амьдарч “амьсгалж” байгааг бодоод үзээрэй гэж зөвлөх байна. Бид өнөөдөр нягт уялдаа холбоотой бүх юм нь синхрон явдаг хорвоо дэлхий дээр амьдарч буй бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн технологийн дэвшил нь бүтээмжийг эрс өсгөж энэхүү синхрон харилцаа холбооны суурь нь болж буйг санууштай.
Би энд цаг өөрчлөх нь буруу гэж шүүмжлээгүй, магадгүй эдийн засгийн утгаараа ямар нэг ашигтай байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү энэ шийдвэрийн харалган, тооцоо судалгаагүй, огцом шинж чанарыг л шүүмжилмээр байна.
Нэгэн жишээ: Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) арилжааны мэдээг гадны мэдээллийн агентлагууд бодит цагийн горимоор (real time) худалдаж авдаг. Үүний тулд МХБ-ийн арилжааны систем мэдээллийн агентлагийн системтэй холбогдож хэл нэвтрэлцдэг байх ёстой. Арилжааны систем дээр орсон аливаа өөрчлөлтийг ядаж сарын өмнөөс хоёр систем харилцан туршиж алдаа мадаггүй ажиллагааг хангах ёстойг цаад агентлагууд шаарддаг. Тэр жил Чингис хааны төрсөн өдөр гэж гэв гэнэт нэг амралтын өдөр “зохион бүтээхэд” тэрхүү өөрчлөлтийг системд оруулж мэдээллийн агентлагаас уучлалт гуйж хэвийн ажиллагааны горимыг нь өөрчлөх шаардлагатай болж байж билээ. Харин сая 3 сарын 9-ний өдөр шийдвэр нь гарч 19 хоногийн дотор цагийг нь солих болоход юу болж өнгөрсөнийг би таашгүй.
Цаг шилжүүлэх тогтоол
Ганц энэ гэлтгүй олон улсын нислэгийн цагийн хуваарь, олон улсын банк хоорондын гүйлгээ гэх мэт синхрон үйлдэл шаардах олон асуудалд энэхүү шийдвэр нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манайхан болохоор хэдэн инженер шөнө суулгаж байгаад л серверийнхээ цагийг өөрчлөөд болоо гэсэн амархан юм яриад байдаг, үнэндээ хэдэн инженерээс хамааралгүй гадны байгууллагуудын төлөвлөлттэй холбоотой асуудал их бий. Бизнес процесс нь тогтчихсон гадны томоохон байгууллагууд манай засгийн огцом шийдвэрт зориулж дүрэм журмаа зохицуулах нь хэр их байх бол доо.
Аз болж манай улс хүний амь настай холбоотой эмнэлгийн нэгдсэн удирдалагатай төхөөрөмж, эсвэл томоохон эрсдэл бүхий Атомын Цахилгаан Станц, автомат үйлдвэрийн систем зэрэг байхгүй (лав л миний мэдэхээр) болохоор гарах үр дагаварын хор хөнөөл харьцангуй бага байж магад
Зүй нь ийм шийдвэрийг хамгийн багадаа хагас жилийн өмнөөс төлөвлөж хаана хаана нөлөөлөхүйц байна гэдгийг тооцож шаардлагатай бэлтгэлийг нь хангаж байж гаргамаар. Гэнэт л нэг өглөө хэн нэг даргын бодож олсон гайхалтай санаа бүхэл бүтэн 3 сая хүний хувь заяанд нөлөөлж буй гэдгийг тооцмоор. Цаг өөрчлөхөд систем яаж зохицох ёстой талаар С.Дөлмандах энд бичсэн. Нөгөө талд цаг өөрчилсөнөөр хэдэн төгрөгний хэмнэлт хаана хаанаас орж ирж эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар би лав одоогоор хаанаас ч олж харсангүй.
Аливаа incident буюу гэнэтийн тохиолдолд реактив болон проактив гэсэн хоёр янзын хариу үйлдэл байх. Реактив нь хариу үйлдлийн шинжтэй буюу гал нэгэнт гарчихлаа бушуухан унтраая гэсэн хандлага бол, проактив нь гал гаргахгүй байхын тулд юу хийх ёстой, гарлаа гэхэд яаж хамгийн бага хохиролтойгоор салах вэ гэдэг төлөвлөлтийг хэлдэг. Манай засаг төрийн хийж буй үйлдэл бүхэн реактив шинжтэй бөгөөд миний харж буйгаар энэ нь төрийн байгууллагын чадавхи, хүний нөөцтэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл цаг өөрчилсөнөөр ийм ийм эрсдэлүүд үүснэ гэдгийг тооцоолж зөвлөх үүрэгтэй шийдвэр гаргагчийн тойрон хүрээлэгчид нь ихэвчлэн сонгуульд нь зүтгэсний шагналд дагалдаж явах эрх авсан нэгэн байх жишээтэй.
Одоо нэгэнт ийм будлиан үүссэн хойно энэхүү шийдвэрийг цуцалж ухраах бол утгагүй асуудал, бүр бантан болгоно. Ирэх намар гэхэд системүүд харьцангуй учраа олчих байх. Хамгийн гол нь иймэрхүү тооцоо судалгаагүй, огцом шийдвэрээ багасгаж Ерөнхийлөгчийн хэлээд байдаг “Ухаалаг Төр” лүү дөхөж очоосой, ирээдүйд гаргах шийдвэрээ олон талаас нь тооцоо хийж үзээсэй л гэж залбирах байна. 


Жич: Интернеттэй холбоотой дугаарлалтыг хариуцдаг олон улсын байгууллага болох IANA-д Ганболд ах 3 сарын 10-ны өдөр Монгол улс дахь цагийн бүсийг шинэчлэх хүсэлт "сайн дураараа" тавьсанаар 3 сарын 21-ны өдөр энэхүү өөрчлөлт орсон болно. Томоохон системүүдэд энэхүү шинэчлэлт нь ортол багагүй хугацаа шаардлагатай бөгөөд дээр дурьдсан Google миний таамаглаж буйгаар системүүдэд нь энэхүү шинэчлэлийг авсанаар манай цагийг зөв гаргадаг болох байх. 

Tuesday, March 24, 2015

Wikileaks ба Bradley Manning

bradass87: сониуч асуулт: хэрэв чи удаан хугацаанд, магадгүй 8-9 сарын турш нууцлал бүхий мэдээлэлд чөлөөтэй хандах эрхтэй байгаад аймшигт зүйлсийг олж мэдсэн бол яах вэ... тэрхүү аймшигт зүйлсийг олон нийт мэдэх ёстой болохоос Вашингтон ДиСи-д хаа нэгтэй серверийн харанхуй өрөөнд хэвтэж байх ёсгүй…
(12:21:24 PM) bradass87: жишээ нь 2004-2009 оны хоорондох Иракийн дайны хагас сая үйл явдалын огноо, газарзүйн байршил, хохирогсдын тоо гэх мэт бүх мэдээллийг агуулсан тайлан бүхий мэдээллийн сан. Эсвэл хөгжингүй орнууд гуравдагч ертөнцийг хэрхэн ашиглаж буй талаархи дэлхий даяархи АНУ-ын элчин сайдын яамдууд Төрийн Департментэд илгээсэн 260,000 нууц мэдээлэл…
(12:26:09 PM) bradass87: жишээ нь миний сайн таних “нэгэн” АНУ-ын нууцлал бүхий тусгай сүлжээнд нэвтрэн дээр дурьдсан мэдээллүүдийг цуглуулж тусгай сүлжээнээс энгийн компьютер луу зөөвөрлөн уг мэдээллийг ялгаж ангилаад шахаж жижигрүүлэн, дараа нь шифрлээд нэг улсад ч олигтойхон удаан амьдарчихдаггүй цагаан үстэй солиотой Австрали нөхөрт явуулчихсан бол яах уу?
(12:31:43 PM) bradass87: цагаан үстэй солиотой нөхөр = Жулиан Ассанж
(12:33:05 PM) bradass87: Өөрөөр хэлбэл би бөөн будлиан хутгачихлаа…[1]

Энэ бол АНУ-ын цэргийн ахлах түрүүч Брэдли Мэннинг 2010 оны 5 сард сэтгүүлч Адриан Ламотой AOL чатаар харьцсан ярианы хэсэг. Өөрийнхөө эр хүйсэнд сэтгэл хангалуун бус байсан (хожмоо шоронд хүйсээ солиулах хүсэлт гаргаж Чэлси Мэннинг хэмээн нэрээ сольсон) Брэдли сэтгэл санааны хувьд тогтворгүй, Иракт болж буй дайнд шүүмжлэлтэй ханддаг нэгэн байв. Хэдийгээр удирдлага нь түүнийг “өөртөө болон хамтран ажиллагсаддаа эрсдэл үүсгэх магадлалтай” хэмээн тодорхойлсон ч дайны талбар дахь тагнуулын ажилтны хэрэгцээ өндөр байсан учир Иракт томилжээ. Брэдли яг ч тагнуулын шинжээчээр ажиллаагүй харин шинжээчдэд шаардлагатай мэдээллийг нь бэлдэж өгдөг нэгэн байсан учир АНУ-ын нууцлал бүхий тагнуулын сүлжээнд бүрэн нэвтрэх эрхтэй бөгөөд асар их мэдээлэл дунд сууж байлаа. Брэдли Мэннинг 2009 оны 11 сараас эхэлж Викилийкс (Wikileaks) сайтынхантай холбоо тогтоож 2010 оны 5 сард баривчлагдах хүртэлээ нийт Ирак болон Афганы дайны талаархи 470,000 тайлан, АНУ-ын дипломат албаны 250,000 гаран нууц мэдээлэл дамжуулжээ. Викилийкс эхэндээ дээрхи мэдээлэлд гарч буй аюул учирч болзошгүй хувь хүмүүсийн мэдээллийг нууцалж бага багаар нийтэлж байсан бол сүүлдээ бүгдийг нь ямар ч засваргүйгээр нийтэлсэнээр эдгээр мэдээлэлд дурьдагдсан олон хүнийг шууд болон шууд бусаар эрсдэлд оруулсан юм. Үүнээс гадна АНУ -ын Засгийн Газар дэлхий дахинаа дипломат харилцааны “ичгэвтэр” байдалд орж НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргыг нууцаар тагнадаг, Гуантанамо Бэй шоронд АНУ-ын хүчнийхэн хоригдлуудыг яргалж тамалдаг, элчин сайд нь ажиллаж буй улсынхаа удирдлагыг муушаасан зэрэг АНУ-ын гадаад харилцаанд сэв суулгахуйц ноцтой үр дагаварууд үүсгэх мэдээллүүд задарсан юм.  
Брэдли Мэннинг цагтаа хакер байж байгаад сэтгүүлч болсон Адриан Ламотой итгэж ярилцсан нь алдаа болсон бөгөөд бүх мэдээллийг нь нууцлана гэж амалж байсан Адриан чатаар ярилцсан яриагаа хуулж аваад Холбооны Мөрдөх Товчоонд өгсөнөөр долоо хоногийн дараа Брэдлиг Кувэйтэд баривчлав. 2013 оны 8 сард Брэдли Мэннингд АНУ-ын цэргийн шүүхээс нийт 35 жилийн ял оноосноор энэхүү хэрэг явдал дууссчээ. [2]

[1] http://www.wired.com/2011/07/manning-lamo-logs/
[2] http://www.theguardian.com/world/2013/jul/30/bradley-manning-timeline