Saturday, March 28, 2015

Цаг урагшлуулах шийдвэр ба Ухаалаг төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ухаалаг Төр”-ийн тухай лоозон дэвшүүлсэнээс хойш хоёр жил өнгөрчээ. Харин 20-иод хоногийн өмнө шийдэж урд шөнө өөрчилсөн цаг шилжүүлэх тухай тогтоолыг харахад энэ лоозонг хад руу хашгираад өнгөрсөн бололтой.
Улаанбаатарын “шинэ” цагаар 2015 оны 3 сарын 29-ний шөнө 2 цаг 14 минутад нийт хайлтын системийн зах зээлийн 70%-ийг эзэлдэг Google Монголын цагийг дараах байдлаар харуулж байна.
Google дээрхи цаг 2015 оны 3 сарын 29-ний шөнө 2 цаг 14 минутын байдлаар
Цаг солих шийдвэр гаргаад 20 хоног, цаг нь солигдсоноос хойш 24 цаг өнгөрчихөөд байхад дэлхий ертөнц Монголд хэдэн цаг болж байгааг мэдээгүй л байна гэсэн үг.
Ганц хайлтын системийн цаг буруу байх асуудал биш гэж үзэж байгаа хүмүүст өнөөгийн дэлхий ертөнц яаж амьдарч “амьсгалж” байгааг бодоод үзээрэй гэж зөвлөх байна. Бид өнөөдөр нягт уялдаа холбоотой бүх юм нь синхрон явдаг хорвоо дэлхий дээр амьдарч буй бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн технологийн дэвшил нь бүтээмжийг эрс өсгөж энэхүү синхрон харилцаа холбооны суурь нь болж буйг санууштай.
Би энд цаг өөрчлөх нь буруу гэж шүүмжлээгүй, магадгүй эдийн засгийн утгаараа ямар нэг ашигтай байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү энэ шийдвэрийн харалган, тооцоо судалгаагүй, огцом шинж чанарыг л шүүмжилмээр байна.
Нэгэн жишээ: Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) арилжааны мэдээг гадны мэдээллийн агентлагууд бодит цагийн горимоор (real time) худалдаж авдаг. Үүний тулд МХБ-ийн арилжааны систем мэдээллийн агентлагийн системтэй холбогдож хэл нэвтрэлцдэг байх ёстой. Арилжааны систем дээр орсон аливаа өөрчлөлтийг ядаж сарын өмнөөс хоёр систем харилцан туршиж алдаа мадаггүй ажиллагааг хангах ёстойг цаад агентлагууд шаарддаг. Тэр жил Чингис хааны төрсөн өдөр гэж гэв гэнэт нэг амралтын өдөр “зохион бүтээхэд” тэрхүү өөрчлөлтийг системд оруулж мэдээллийн агентлагаас уучлалт гуйж хэвийн ажиллагааны горимыг нь өөрчлөх шаардлагатай болж байж билээ. Харин сая 3 сарын 9-ний өдөр шийдвэр нь гарч 19 хоногийн дотор цагийг нь солих болоход юу болж өнгөрсөнийг би таашгүй.
Цаг шилжүүлэх тогтоол
Ганц энэ гэлтгүй олон улсын нислэгийн цагийн хуваарь, олон улсын банк хоорондын гүйлгээ гэх мэт синхрон үйлдэл шаардах олон асуудалд энэхүү шийдвэр нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манайхан болохоор хэдэн инженер шөнө суулгаж байгаад л серверийнхээ цагийг өөрчлөөд болоо гэсэн амархан юм яриад байдаг, үнэндээ хэдэн инженерээс хамааралгүй гадны байгууллагуудын төлөвлөлттэй холбоотой асуудал их бий. Бизнес процесс нь тогтчихсон гадны томоохон байгууллагууд манай засгийн огцом шийдвэрт зориулж дүрэм журмаа зохицуулах нь хэр их байх бол доо.
Аз болж манай улс хүний амь настай холбоотой эмнэлгийн нэгдсэн удирдалагатай төхөөрөмж, эсвэл томоохон эрсдэл бүхий Атомын Цахилгаан Станц, автомат үйлдвэрийн систем зэрэг байхгүй (лав л миний мэдэхээр) болохоор гарах үр дагаварын хор хөнөөл харьцангуй бага байж магад
Зүй нь ийм шийдвэрийг хамгийн багадаа хагас жилийн өмнөөс төлөвлөж хаана хаана нөлөөлөхүйц байна гэдгийг тооцож шаардлагатай бэлтгэлийг нь хангаж байж гаргамаар. Гэнэт л нэг өглөө хэн нэг даргын бодож олсон гайхалтай санаа бүхэл бүтэн 3 сая хүний хувь заяанд нөлөөлж буй гэдгийг тооцмоор. Цаг өөрчлөхөд систем яаж зохицох ёстой талаар С.Дөлмандах энд бичсэн. Нөгөө талд цаг өөрчилсөнөөр хэдэн төгрөгний хэмнэлт хаана хаанаас орж ирж эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар би лав одоогоор хаанаас ч олж харсангүй.
Аливаа incident буюу гэнэтийн тохиолдолд реактив болон проактив гэсэн хоёр янзын хариу үйлдэл байх. Реактив нь хариу үйлдлийн шинжтэй буюу гал нэгэнт гарчихлаа бушуухан унтраая гэсэн хандлага бол, проактив нь гал гаргахгүй байхын тулд юу хийх ёстой, гарлаа гэхэд яаж хамгийн бага хохиролтойгоор салах вэ гэдэг төлөвлөлтийг хэлдэг. Манай засаг төрийн хийж буй үйлдэл бүхэн реактив шинжтэй бөгөөд миний харж буйгаар энэ нь төрийн байгууллагын чадавхи, хүний нөөцтэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл цаг өөрчилсөнөөр ийм ийм эрсдэлүүд үүснэ гэдгийг тооцоолж зөвлөх үүрэгтэй шийдвэр гаргагчийн тойрон хүрээлэгчид нь ихэвчлэн сонгуульд нь зүтгэсний шагналд дагалдаж явах эрх авсан нэгэн байх жишээтэй.
Одоо нэгэнт ийм будлиан үүссэн хойно энэхүү шийдвэрийг цуцалж ухраах бол утгагүй асуудал, бүр бантан болгоно. Ирэх намар гэхэд системүүд харьцангуй учраа олчих байх. Хамгийн гол нь иймэрхүү тооцоо судалгаагүй, огцом шийдвэрээ багасгаж Ерөнхийлөгчийн хэлээд байдаг “Ухаалаг Төр” лүү дөхөж очоосой, ирээдүйд гаргах шийдвэрээ олон талаас нь тооцоо хийж үзээсэй л гэж залбирах байна. 


Жич: Интернеттэй холбоотой дугаарлалтыг хариуцдаг олон улсын байгууллага болох IANA-д Ганболд ах 3 сарын 10-ны өдөр Монгол улс дахь цагийн бүсийг шинэчлэх хүсэлт "сайн дураараа" тавьсанаар 3 сарын 21-ны өдөр энэхүү өөрчлөлт орсон болно. Томоохон системүүдэд энэхүү шинэчлэлт нь ортол багагүй хугацаа шаардлагатай бөгөөд дээр дурьдсан Google миний таамаглаж буйгаар системүүдэд нь энэхүү шинэчлэлийг авсанаар манай цагийг зөв гаргадаг болох байх. 

No comments: